Monday, June 29, 2015

Ээж ээ,







































Цас орж байна ээж ээ,
Хоёулаа аавын тухай ярих уу?
Цантай цонхон цаана
Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг
Санагдаад байна,


Өөрийнх нь тухай дурсан ярихыг
Хүлээгээд л байгаа юм шиг
Өрөвгөр жаалхан болжморуудыг
Өвөртөө дулаацуулах
Өвгөн модны дүрээр
Ширтээд байгаа юм шиг
Санагдаад байна!

Ээж ээ, та битгий уйл л даа
Эсвэл хоёулаа өөр зүйл ярих уу?
Уйтгар гэдэг хуучрах тучмаа
Улам л гунигтай болдог юм байна
Тийм ээ? Ээж ээ!  
Сэтгэл гэдэг яг л газар шиг 
Хавар бүхэн л
Ханзардаг юм байна
Тийм үүЭэж ээ? 

Ээж ээ, тээр хацар дээр чинь
Нулимс бөмбөрөөд зогсохгүй нь
Ингээд л би тандаа шүлэг бичиж
Зүрхэлдэггүй юм шүү дээ!
Урагдаж байж л бичдэг
Энэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөө
Ургуулж өсгөсөн ижийгээ
Уйлуулчихдаг би мөн азгүй хүн ээ!

Ээж ээ, ээж ээ!
Хайр гэдэг нь энэ юм уу ээж ээ!
Халуун, давстай, усан зүйл байдаг юм уу?
Аавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоор
Амт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм уу?
Ээж ээ!

Ээж ээ, цас ороод л байна!
Цаашаа таны тухай шүлэг бичье гэвч
Та уйлна гэхээр даанч надад
Хэтэрхий их гунигтай байна!  

2015.04.05 

Э.Бүжинлхам

2 comments:

  1. хэтэрхий сайхан юм :) <3

    ReplyDelete
  2. Үнэхээр таалагдлаа. Яруу найраггүйгээр яаж амьдрахаа ч мэддэггүй бидэн лав энэ ертөнцийнх биш ээ. Дүр төрх минь л хүн төрөлхтөнтэй тун төстэй.

    ReplyDelete