Thursday, May 14, 2015

Уран барималчын үхэл






































Уран барималчын үхэл

Тэр үхэхдээ Шарль Бодлэрийн шүлгийг
Хамаг чангаараа хэлсэн гэдэг
Шивнэх төдий сонсогдсон нь
Үхэл түүнийг боочихсон учраас тэр
Салхин шувуу өрөөгөөр
Нисэн өнгөрөх шиг л болсон гэнэ лээ
Сацраг гэрлийн зүг тэр
Яруу найргаар үдүүлсэн гэнэ лээ!


Түүний далавчыг яг л
Бусад шиг нь хайчилчихсан юм
Тэр өвдсөндөө бүх үсээ зулгаасан,
Яг л өдөө идчихэж буй шувуу шиг
Зэрлэг балмад түүний
Гарынх нь хурууд бүрээс удалгүй
Зэрлэг шувууныхтай төстэй
Сарвуу ургасан гэнэ лээ!

Тэр төрөхдөө энэ ертөнцийн
Сайн сайхан сахиус нь байж
Тэгээд гартаа шавар хүргээд л
Гоо сайхныг бүтээдэг байж
Бод доо, шавар балчигаас
Хамгийн аугаа төгөлдөрт хүртэл нь
Болгоомжтойёо бүхнийг урлах шидийг
Бурхан түүнд өгсөн гэхээр!

Гэтэл нэгэн шөнө түүний мутрыг
Тэнгэр мэдэлдээ авчээ
Тэгээд оронд нь цахлайнхтай төстэй
Цайвар саарал далавч өгч
Өнөөх уран барималч
Хамгийн түрүүнд Бурханы зүг хурдлаад
Өмнө нь хэний ч үзээгүй байсан
Ариун шүтээнийхээ дүрийг харчихжээ
Эргэж ирээд тэр шавар балчигаан зуурч
Эзэн тэнгэр Бурханыхаа дүрийг яг алдалгүй урлажээ!

Өөрийнх нь царайг ертөнцөд дэлгэчихсэн болохоор нь
Өс санасандаа Бурхан уран барималчыг хороочихсон юм!
Тэр үхэхдээ
Шарль Бодлэрийн шүлгийг амандаа аяархан шивнэсэн гэдэг
Хамаг чангаараа орилж,
Тунхаглан магтаж байж
Ер юуны учир энэ шүлгийг хэлэв ээ гэтэл
Ертөнцөд өөрийгөө мөнхийн гэдгээ мэдэж байсан учраас тэр байж!


Алтрах гудайх наран цусан туяанд хөлбөрөнхөн
Аяа ийм төгсгөлийг сэтгэл минь дагаад гялбанхан
/Шарль Бодлэр/

2014.03.21


Э.Бүжинлхам  


1 comment: