Sunday, February 11, 2018

Яруу найрагч хаана үхдэг вэ гэж надаас хэн асуув?












































Яруу найрагч хаана үхдэг вэ гэж надаас хэн асуув? 
Ямархан гунигтай асуултыг үүрийн харанхуй зөөнөм! 
Төрөхдөө шүлэгчийн тавиланг хүртсэн атлаа 
Үхэхдээ хямдхан амьдрал дунд амьсгал татсан 
Хэн гэгч гомдолтой хүний сүнс
Хэнгэрэг сэтгэлийг хорстол шивнэнэм!


Яруу найрагч эмнэлэгийн төмөр орон дээр
Зүрхний шигдээсээр үхдэггүй
Явуулын тэрэг, санаандгүй осол
Түүний насыг эцэслэдэггүй
Ирт хутга судсыг нь хэрчиж, дүүжлүүрийн олс
Эцсийн мөчийг нь үддэггүй!
Ирмэг дээрээс тэд үсрэхдээ
Нөгөө ертөнц рүү бүр мөсөн оддоггүй!

Яруу найрагч ертөнцийн үнэн, жинхэнэ үнэний өмнө л
Итгэл алдсандаа нүд харанхуйлдаг
Явсан жим бүр нь ердөө л энэ цэг дээр ирэх байсныг
Ухаарсан цагтаа л тэд шүлэг бичихээ больдог!
Ямар ч нэмэргүйг мэдээд хоолойгүй болтлоо
Ганцхан чанга хашхирчихаад тэртээ нэгэн өөд
Явахаар шийдээд үхэхээсээ өмнө, аль хэдийнээ тэд
Үхчихсэн байдаг! Шүлэг бичихээ больчихсон байдаг!

Яруу найрагч цаг хугацааны хорсолтой хүлээсэнд
Зүрхээ чивчиртэл хүлэгдэж, яагаад ч юм нэг л мэдэхэд
Ороогдчихсон байдаг хүний ертөнциийн хямдхан хүсэлд
Автчихсан гэдгээ анзаарах үедээ л, хараад байв ч
Хүрч чадахгүй байгаа тэнгэрийн мөнгөн утсыг
Харсаар байгаад усгүй хатаж үхэх мэт тэд үхдэг!

Яруу найрагчид нэг бол гурав дахь мэлмийгээ нээх эсхүл
Ядруухан амьдралд шившиг мэт үхэх хоёрхон л зам байдаг!
Яруу найрагч хүн жирийн л нэг үхлээр хэзээ ч үхдэггүй
Яруу найраг бичихээ больсон цагтаа л тэд
Үхэхээсээ өмнө аль хэдийнээ, үхчихсэн байдаг!

2017.09.02


Э.Б

No comments:

Post a Comment